Австралийн сонирхогч алт хайгч 150,000 долларын үнэтэй алтан шижир олжээ
Нэр нь нууцлагдсан эрэгтэйн Тибубурра орчмоос олсон 1,200 граммаас илүү жинтэй шижрийг цуглуулагчид 200,000 доллар хүртэл үнээр зарж болно.
Австралийн Брокен Хилл хотын сонирхогч алт хайгч Шинэ Өмнөд Уэльс мужийн алслагдсан хэсэгт нэг килограммаас илүү жинтэй алтан шижир олсныг ABC News (Australia) мэдээлэв. Олсон хүнийхээ Тибубуррагийн төмс гэж нэрлэсэн шижир 150,000 орчим долларын үнэтэй аж.
Нэрээ нууцлахыг хүссэн эрэгтэй мужийн баруун хойд өнцөгт орших Тибубурра орчмын Маунт Стюарт станцад хэд хоног ухаж байжээ. Тэрээр 10-р сарын дундуур өдрийн хайгуулаа дуусгаж байхдаа Gold Monster 2000 металл илрүүлэгчээр дохио олж, 100 миллиметр орчим ухахад багаж чангаар дуугарч эхэлсэн гэв. Тэрээр шижрийн дэргэдүүр бараг өнгөрөх шахсан гэжээ.
Кварцын толботой шижир 1,200 граммаас илүү жинтэй бөгөөд шинжилгээгээр 940 орчим грамм нь цэвэр алт байжээ. Зах зээлийн ханшаар 150,000-160,000 долларын үнэтэй ч цуглуулагчид зарвал үнэ нь 200,000 доллар хүртэл өсөж болно.
Брокен Хилл хотод 20 гаруй жил алт хайгуулын хэрэгсэл зарж буй Грег Спанглер өөр ганцхан хүн килограммаас илүү жинтэй шижир олж байсныг харсан гэв. Тэрээр алтны үнэ өссөн нь энэ хоббиг сонирхох хүмүүсийг олшруулсан гэж үзэж байна. Алтны үнэ энэ оны 1-р сард нэг трой унц буюу 31.1 грамм тутамд бараг 8,000 долларт хүрч дээд амжилт тогтоосон бөгөөд одоо 5,700 орчим доллар байна.
1880-аад оны сүүлээс эхэлсэн Тибубурра орчмын алтны хайгуул жуулчдыг татдаг ч уугуул иргэдийн газрын эрхийн зөвшөөрөл авах хүртэл тосгоны эргэн тойрны нийтийн газарт хайгуул хийхийг хориглосон бөгөөд бүс нутгийн Маунт Стюарт, Гамвейл зэрэг станцад төлбөртэйгөөр хайгуул хийж болно. Алт олсон хүн бусад хайгчдад “Үргэлжлүүлэн алх, илрүүлэгчээ эргүүл, дохио бүрийг ух” гэсэн зөвлөгөө өгчээ.
/file/attachments/2999/gettyimages-2286963418_351131.jpeg)


