Гренадад нас барсан британи эрийн гэр бүл 10 сарын дараа ч Их Британийн засгийн газраас арга хэмжээ шаардаж байна
Задлан шинжилгээгээр Эндрю Фредерикийн үхлийг хүн амины хэрэг гэж дүгнэсэн ч Гренадын цагдаа хэргийг хаажээ.

Карибын тэнгисийн Гренада арлын дээрэмдүүлсэн байшингаас цогцос нь олдсон британи эрийн үхлийн талаарх яаралтай мөрдөн шалгах ажиллагаа хоёр орны дипломат саатлаас болж зогсонги байдалд орсон байна гэж The Guardian сонин мэдээлэв. Эндрю Фредерикийн гэр бүлийг дэмжиж буй буяны байгууллагын ажилтнууд шүүх эмнэлгийн эмч хүн амины хэрэг гэж дүгнэсэн түүний үхлээс хойш бараг 10 сар өнгөрч байхад бүрэн хэмжээний мөрдөн шалгалт эхлүүлэхийн тулд засгийн газар яаралтай оролцохыг шаардаж байна.
Гренадын цагдаа хүн амины хэрэг гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг хаасны дараа Murdered Abroad буяны байгууллага парламентын гадаад харилцааны хороог оролцохыг уриалжээ. Гэвч түүнийг нас барсан долоо хоногт хийсэн задлан шинжилгээний тайланд 47 настай Фредерик мохоо зүйлээр цохиулж гэмтсэн, хөлийн хумсыг нь сугалах зэргээр эрүүдэн шүүгдсэн гэж дурдаж, хүн амины хэрэг гэж дүгнэсэн байна. Фредерикийн цогцос 1 дүгээр сарын 4-нд олдсон юм.
Murdered Abroad байгууллагыг үүсгэн байгуулагч Ив Хендерсон “Ийм шийдэмгий гэр бүл Гадаад хэргийн яамыг дипломат эрх мэдлээ зөв ашиглахад хүргэж чадахгүй бол жил бүр гадаадад хүн амины хэргээр ойр дотны хүнээ алддаг 60-80 гэр бүлд ямар итгэл найдвар үлдэх вэ” гэв. Гэр бүлийг дэмжиж буй Скотланд-Ярдын хүн амины хэргийн командлагч асан Дэвид Жонстон шүүх эмнэлгийн эмч Эндрюг алахаасаа өмнө эрүүдэн шүүсэн хүн амины хэрэг гэж тодорхой дүгнэсэн ч цагдаа үүнийг үл тоосон нь гайхмаар гэжээ.
Гэр бүлийн тууштай кампанит ажлын дараа Британийн эрх баригчид оролцож, Фредерикийн цогцсыг 8 дугаар сард Их Британид буцаан авчирч, хоёр дахь задлан шинжилгээ хийхэд эрхтнүүд нь байхгүй байгаа нь илэрсэн. Гэр бүлийнхний мэдэгдэлд дурдсанаар түүнийг нас барснаас хойш зургаан долоо хоногийн турш цогцос нь Гренадын эрх баригчдын хяналтад байсан бөгөөд Их Британид шинжлэхэд хүзүүний зарим хэсэг, тархи, зүрх, уушиг зэрэг бүх эрхтэн нь алга болсон байжээ. “Энэ нээлт манай гэр бүлийг цочроож, туйлын их сүйрэл авчирсан. Олон удаа асуусан ч тэд хаана байгаа, юу болсон, яагаад бидэнд хэлээгүйг хэн ч хэлээгүй” гэж гэр бүлийнхэн хэлэв.
Өнгөрсөн сард Их Британийн шүүх эмнэлгийн мөрдөн байцаагч Метрополитан цагдааг мөрдөн шалгалт явуулахыг хүссэн. Хэдэн долоо хоногийн дараа Британийн эрх баригчдын захидалд дурдсанаар Британийн өндөр комиссар Фредерикийн хэргийг Гренадын засгийн газрын хамгийн дээд түвшинд хөндөж, тэндхийн эрх баригчид Их Британийн туслалцаа үзүүлэх албан ёсны хүсэлтэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тэр албан ёсны хүсэлтийг хэдэн долоо хоногийн өмнө илгээсэн ч гэр бүлийнхэн Гренада аман амлалтаа биелүүлж, хүсэлтийг батлахыг хүлээсээр байна.
Жонстоны хэлснээр хэргийг анх буруу шийдвэрлэсэн болон цаашдын саатал мөрдөн шалгалтад сөргөөр нөлөөлж болзошгүй, учир нь хүн амины хэргийг илрүүлснээс хойших эхний 24 цаг хамгийн чухал бөгөөд хэргийн газрыг зөв тэмдэглэж, хамгаалаагүй бол нотлох баримт алга болдог. Түүний үзэж байгаагаар Фредерикийн хэрэгт яг ийм зүйл тохиолдсон. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гренадад нас барсан британи эрийн гэр бүлийг дэмжиж, орон нутгийн эрх баригчидтай холбоотой байгаа гэв. Гэр бүлийнхэн мөн үндэсний аюулгүй байдлын сайдын албыг хавсран хашдаг Гренадын Ерөнхий сайдыг хүсэлтэд цаашид хойшлуулалгүй гарын үсэг зурахыг уриалжээ.



