Йемений хуситууд дарамтаа нэмэгдүүлж байхад Саудын Араб хиймэл оюуны давуу талыг АНУ-аас хайж байна
АНУ Саудын Арабт хиймэл оюунд суурилсан онилох хэрэгсэл бүхий тагнуулын мэдээлэл өгч байгаа ч шинжээчид энэ нь хуситуудыг ялахад тус болно гэдэгт эргэлзэж байна.

Хөрш Йемений зэвсэгт хусит бүлэглэлийн халдлагад өртөж буй Саудын Араб олон холбоотноосоо тусламж хүссэн бөгөөд тэдний дунд АНУ ч бий гэж DW мэдээлэв. Хэвлэлийн мэдээллээр Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын удирдагч Мохаммед бин Салманы хуситуудын эсрэг шууд цэргийн ажиллагаа явуулах хүсэлтээс татгалзсан ч АНУ хиймэл оюун ашигладаг онилох хэрэгсэл зэрэг тагнуулын мэдээллээр Саудын Арабыг хангаж байна. CNN сувгийн 9 дүгээр сарын мэдээлэлд дурдсанаар үүнийг хөнгөвчлөх шинэ хамтарсан командлалын хүрээнд Саудын Арабт 100-200 америк цэрэг байгаа юм.
Албаны хүмүүсийн хэлснээр Саудын Араб дахь систем нь АНУ-ын арми Иран, Ирак, Сирид бай хайхад ашигласан Maven ухаалаг систем буюу MSS системтэй төстэй. MSS нь АНУ-ын армийн хиймэл оюуны тэргүүлэх хөтөлбөр болох 2017 онд эхэлсэн Maven төслөөс гаралтай бөгөөд хиймэл дагуулын шууд дамжуулалт, дроны камер зэрэг эх сурвалжийн мэдээллээс хэв маяг илрүүлж, пуужин харвагч, танк, сэжигтэй тээврийн цуваа зэрэг боломжит байг тэмдэглэдэг. Энэ нь олон зуун эх сурвалжийг нэгтгэн шинжилж, бай руу цохилт өгөх хамгийн сайн аргыг ч тооцоолдог.
MSS ашиглах нь байг илрүүлж, аюултай эсэхийг шийдэж, цохилт өгөхийг тушаах хүртэлх хугацаа болох “алах гинжин хэлхээ”-г эрс хурдасгадаг. АНУ-ын арми 2 дугаар сарын сүүлээр Иран руу довтлохдоо MSS ашигласнаар дайны эхний 24 цагт 1,000 гаруй бай руу цохилт өгсөн бол өмнө нь америк цэргүүд өдөрт 100 орчим бай руу цохилт өгдөг байжээ.
2022 онд тохиролцсон албан бус гал зогсоолтын дараа Йемений удаан үргэлжилсэн иргэний дайн харьцангуй намжсан байв. Хусит босогчид 2015 оноос хойш Йемений хойд, баруун хэсгийн ихэнх нутгийг барьж байгаа бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират дэмждэг. 9 дүгээр сард эхэлсэн хуситуудын сүүлийн цэргийн кампанит ажлаар тэд Йемений эргийн хяналтаа өргөжүүлж, Саудын Арабын гол нисэх онгоцны буудал, газрын тосны байгууламж руу дахин довтолсон. Chatham House судалгааны төвийн Йемен судлаач Фарея аль-Муслимигийн хэлснээр хуситууд үхэл, золиослолд суурилсан үзэл суртлынхаа улмаас сүйрлийг тоодоггүй.
MSS-д өмнө нь илэрсэн техникийн зарим асуудал Йеменд ч бэрхшээл учруулж болзошгүй. Хуситууд толгод, хавцлаас ачааны машинд суурилуулсан баллистик пуужин, жижиг дроны сүргээр маш хөдөлгөөнтэй үйл ажиллагаа явуулдаг тул хиймэл оюуны тусламжтай ч дайрахаас өмнө алга болж магадгүй. Цөлийн газрын хэлбэр өөрчлөгдөх, шороон шуурга, хүчтэй салхи, санаатайгаар байрлуулсан хуурамч бай ч системийн үр дүнг бууруулж болно.
Алах гинжин хэлхээг богиносгох нь ёс зүйн түгшүүр ч дагуулж байна. Хиймэл оюуны илрүүлсэн байг хүн үргэлж шалгаж, хариу арга хэмжээг шийдэх ёстой ч үргэлж тэгдэггүй. Жишээлбэл, дайны эхний өдөр MSS Иранд онилсон газруудын нэг нь сургууль байсан бөгөөд Ираны өмнөд хэсэгт бага сургуульд Америкийн пуужин тусаж, ихэнх нь 7-12 насны хүүхэд бараг 200 хүн амь үрэгджээ. Израиль ч Газад Госпел буюу Хабсора хэмээх ижил төстэй системийг ашигласан бөгөөд энэ нь энгийн иргэдийн олон хохирогчтой холбоотойгоор ихээхэн шүүмжлэлд өртсөн.
Израилийн хиймэл оюуны технологийн нөлөөг судалсан Австралийн бие даасан сэтгүүлч Антони Лоуэнштейн ийм технологи хуситуудыг ялахад хүргэнэ гэдэгт итгэдэггүй. “Хиймэл оюуны хэрэгсэл ашиглах нь энгийн иргэдийн асар их хохирол учруулахаас өөрөөр газар дээр нэг их өөрчлөлт авчирна гэх нотолгоо бараг байхгүй гэж би бодож байна” гэж тэрээр DW сувагт хэлэв.



