Иорданы хатан хаан Рания сүмийн халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн оршуулгад оролцов
Карак мужийн Грекийн ортодокс сүмд болсон халдлагад есөн хүн амь үрэгдсэн нь 1950-иад оноос хойш Иорданы христийн цөөнхийн эсрэг үйлдсэн хамгийн том халдлага юм.

Иорданы хатан хаан Рания Карак мужийн Грекийн ортодокс сүмд болсон халдлагад амь үрэгдсэн есөн хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлснийг The National мэдээлэв. Хааны гэр бүлийн гишүүд Ням гарагт хохирогчдыг оршуулсан Хамуд тосгонд очсон бөгөөд оршуулгын ёслол Баасан гарагт халдлага болсон тэр сүмд болжээ.
Улсын Петра агентлагийн мэдээлснээр хатан хаан Рания, угсаа залгамжлагч ханхүү Хусейн нарыг гүнж Ражва, гүнж Салма нар дагалдсан бөгөөд ханхүү Хусейн хаан Абдуллагийн эмгэнэлийг гэр бүлүүдэд уламжилжээ. Хатан хаан хохирогчдын төлөө залбирч, тэдний ар гэрийнхнийг тайвшруулж байгаа нь харагдсан байна.
Хаан Абдулла халдлагыг терроризм гэж нэрлэсэн бөгөөд Баасан гарагт шархадсан хүмүүсийг эмнэлэгт эргэж, биеийн байдлыг нь асуусан юм. Иорданы Дотоод хэргийн яам Даваа гарагийн өглөө гурван сэжигтнийг баривчилсан гэж мэдэгджээ.
Нас барсан хүмүүс бүгд эрэгтэй бөгөөд тэдний нэг нь эмч, нөгөө нь шүдний эмч байжээ. Ихэнх нь Иорданы хамгийн нэр хүндтэй христийн гэр бүлүүдийн нэг болох Халаса овогт харьяалагддаг байв. Есөн хохирогчийн наймыг нь яагаад Хамуд тосгонд оршуулсан нь тодорхойгүй байна. Халдлага Амманаас өмнө зүгт 100 орчим км зайтай Карак хотод оршуулгын үеэр болсон юм.


