Кенийн нийслэлд олон давхар барилга нурж, долоон хүн сураггүй байна
Найробид баригдаж байсан барилга гэнэт нурсан нь Кенийн барилгын стандарт, хяналтын талаарх санаа зовнилыг дахин сэдрээв.

BBC-гийн мэдээлж буйгаар, Кенийн нийслэл Найробид Баасан гарагийн үдээс хойш барилга нурж, нурангин дор долоон хүн дарагдсан байж болзошгүй тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй болсон хүмүүс барилгын доод давхарт нээгдсэн дэлгүүрүүдэд байсан гэж үзэж байна.
Бичлэгт 16 эсвэл 18 давхар байсан гэх барилгын доод давхар эхлээд суугаад, үлдсэн хэсэг нь нурж, ойр орчмын гудамжийг тоос шороонд дарж буй нь харагдана. Барилгын гадна талыг тулгуур шат ороосон хэвээр байсан нь түүнийг барьж байх үед нурсныг харуулж байна. Албаны хүмүүсийн хэлснээр доод давхруудад 11 дэлгүүр аль хэдийн нээгдээд байжээ.
Дотоод хэргийн яамны албан тушаалтан Кипчумба Муркомен нурах үед барилгад байсан 67 барилгачны 66 нь гэмтэлгүй гарч чадсан, нэг нь амь насанд аюулгүй гэмтэл авсан гэж мэдэгдэв. Дээд давхруудад ажиллаж байсан олон арван барилгачин бараг гэмтэлгүй гарсан байна.
Daily Nation сонины мэдээлснээр, экскаватороор ухах нь дарагдсан хүмүүст агаар хүрэхийг хязгаарлаж болзошгүй гэсэн болгоомжлолоор аврагчид техник ашиглахаа зогсоосон нь аврах ажлыг хүндрүүлж байна.
Барилга яагаад гэнэт нурсан, төлөвлөлтийн журам хангаж байсан эсэх талаар асуулт гарч байна. Кенийн Үндэсний барилгын газар бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн компани, архитектор, бүтээцийн инженерийг тогтоосон гэж мэдэгдсэн ч барилгад Баасан гарагаас өмнө хяналт шалгалт хийсэн эсэхийг дурдаагүй.
Найробигийн Засаг дарга Сакажа Жонсон барилгын эзэд түүнийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтгүй байсан гэж орон нутгийн хэвлэлд ярив. Тэрбээр батлагдсан барилгын зураг, аюулгүй байдлын стандартыг үл тоомсорлодог бүтээн байгуулагчдыг шийтгэх илүү өргөн эрхийг орон нутгийн удирдлагад олгохыг үндэсний засгийн газраас уриалжээ.
Найробид барилга нурах явдал ховор биш бөгөөд чанаргүй барилгажилт, буруу төлөвлөлтийг ихэвчлэн шалтгаан болгон дурддаг.



