L'Oreal: турах эм гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлж байна
GLP-1 бүлгийн турах эм өргөн тархсан нь гоо сайхны зах зээлд нөлөөлж байгааг L'Oreal хүлээн зөвшөөрч, огцом турахын улмаас арьс суларахад чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ.

BBC-гийн мэдээлснээр гоо сайхны салбарын аварга L'Oreal компани турах эмийн хэрэглээ өссөн нь гоо сайхан, ялангуяа арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээнд нөлөөлж байгааг мэдэгджээ. Компанийн гүйцэтгэх захирал Николя Иеронимус (Nicolas Hieronimus) хөрөнгө оруулагчидтай хийсэн утсан уулзалтдаа GLP-1 эмийн хэрэглээг компанийн хувьд маш чухал үзэгдэл гэж тодорхойлов.
Maybelline, La Roche-Posay зэрэг брэндийг эзэмшдэг L'Oreal Пүрэв гарагт есдүгээр сар хүртэлх гурван сарын борлуулалт 7.7%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс давсныг зарлав. Иеронимус дэлхийн хүнд нөхцөлд ч гоо сайхны зах зээл тэсвэртэй байгааг онцолжээ.
Сүүлийн жилүүдэд Ozempic, Wegovy, Mounjaro зэрэг чихрийн шижинг эмчлэх зорилготой эмүүд хоолны дуршлыг дарж, жинг ихээр бууруулдаг нь тогтоогдсоны дараа GLP-1 эмийн хэрэглээ эрс өссөн. Огцом турах нь зарим хүнд нүүр орчмын арьс суларах гаж нөлөө үзүүлдэг ч үүнийг GLP-1 эм шууд үүсгэдэггүй.
Иеронимусын хэлснээр L'Oreal-ийн SkinCeuticals, Kiehl's брэндүүд GLP-1 эмтэй хамт хэрэглэж, арьс сулрах болон огцом турахтай холбоотой бусад нөлөөг зөөллөх зориулалттай бүтээгдэхүүнтэй болжээ. Компани эмнэлзүйн гоо заслын салбарт ч тэлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард арьсны эмчилгээний Galderma компанид эзэмших хувьцаагаа 20% болгон нэмэгдүүлсэн.
Galderma нь коллаген үйлдвэрлэлийг идэвхжүүлэх Sculptra тариа, арьсны дүүргэгч Restylane зэрэг алдартай бүтээгдэхүүнийг эзэмшдэг. Тус компани өнгөрсөн жил GLP-1 хэрэглээ болон нүүрний төрх өөрчлөгдөх талаарх санаа зовнилын тухай тайлан гаргасан бөгөөд турах эм хэрэглэгчдийн дийлэнх нь эмийн дараа нүүрнийхээ төрх өөрчлөгдсөнийг анзаарсан гэж өөрийн судалгаагаар тогтоожээ.



