Майкрософт 60 мянга орчим ажилтандаа сайн дураараа ажлаас гарах санал тавина
Зардлаа оновчтой болгох стратегийн хүрээнд АНУ, Канад, Энэтхэг, Их Британийн тодорхой хэлтсийн ажилтнуудад нөхөн олговортой гарах боломж олгох юм.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, Майкрософт корпорацийн зардлаа оновчтой болгож, орон тоогоо цөөлөх стратегийн хүрээнд 60 мянга орчим ажилтанд хамаарах нөхөн олговортой, сайн дурын ажлаас чөлөөлөх хөтөлбөр зарлажээ. Санал АНУ, Канад, Энэтхэг, Их Британи дахь тодорхой хэлтсийн дэд ерөнхийлөгч болон түүнээс доош албан тушаалтай ажилтнуудад хамаарна.
Дата төвтэй холбоотой ажилладаг мэргэжилтнүүдийн нэг хэсэг, борлуулалт, маркетингийн хэлтсийн ажилтнууд зэрэг зарим ангиллын ажилтан хөтөлбөрт хамрагдахгүй. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, саналыг хүлээн авсан ажилтнууд ийм тохиолдолд олгодог стандарт төлбөр, хөнгөлөлт авна. Ихэвчлэн ажлаас гарсны тэтгэмж ажилласан хугацаа, нас, албан тушаал болон бусад хүчин зүйлээс хамаарч нэгээс зургаан сарын цалинтай тэнцэх бөгөөд компаниуд ажилтныг шинэ ажил хайх хугацаанд эрүүл мэндийн даатгалыг нь төлөх нь элбэг.
Майкрософтын ажилтны тоо 6 дугаар сарын эцэст 223 мянга байв. Энэ үзүүлэлт компани хиймэл оюун ухаан, дата төвд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхэлсэн 2022 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй байна.
Компани 7 дугаар сард тэтгэврийн насны 8.75 мянга орчим ажилтанд сайн дураараа гарах санал тавьж, тэдний гуравны нэг орчим нь зөвшөөрсөн юм. Энэ удаа саналыг хүлээн авах ажилтны хувь хамаагүй бага байна гэж компани хүлээж байна. 2026 оны эхнээс хойш Майкрософтын зах зээлийн үнэлгээ бараг 10 хувиар өсч, 3.9 их наяд ам.долларт хүрчээ.



