Маскийн анхааруулга хиймэл оюун ухааны үүлэн тооцооллын компаниудын хувьцааг уналтад оруулав
Илон Маск 200 гаруй ийм компани нэгдэж, дампуурна гэж мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчдын өрийн талаарх санаа зовнил нэмэгджээ.
Илон Маск хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадал түрээслэдэг шинэ үеийн үүлэн үйлчилгээний компаниуд нэгдэх, дампуурах аюултай тулгарна гэж мэдэгдсэний дараа Даваа гарагт тэдний хувьцааны үнэ арилжаа нээгдэхээс өмнө буурсныг CNA мэдээлэв. Хиймэл оюун ухааны их зардлын талаарх санаа зовнилын бэлгэ тэмдэг болсон КорУив компанийн хувьцаа 4.5 хувиар, Небиус групп 3.4 хувиар, Айрэн 3.3 хувиар унасан бол Эпплайд Дижитал, ТераВульфын хувьцаа тус бүр 2 гаруй хувиар, Кор Сайнтификийнх 1.7 хувиар буурчээ.
Маск Ням гарагт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ 200 гаруй ийм компани ихээр нэгдэж, бүтэлгүйтэх бөгөөд зарим нь л үлдэнэ гэж бичээд, СпэйсЭкс компани тэдний алийг нь ч худалдаж авахгүй гэдгийг нэмж хэлжээ. Энэ сарын эхээр судалгааны Гартнер компани КорУивыг өрийн дарамтад хамгийн их өртсөн 100 орчим компанийн тэргүүнд жагсааж, тэдний 80 хувь нь 2032 он гэхэд бие даасан үйл ажиллагаагаа зогсоож болзошгүй гэжээ.
Зарим брокерийн компани ирэх онд хиймэл оюун ухааны зардал их наяд ам.доллараас давна гэж хүлээж байгаа нь хиймэл оюун ухааны хөрөнгө хурдан элэгдэж, зах зээл Холбооны нөөцийн сангийн хүүг дахин өсгөхийг тооцоолж буй үед өрөөс хэт хамааралтай байдлын үр дагаврын талаарх хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг нэмэгдүүлж байна. Андромеда Капитал хеджийн сангийн үүсгэн байгуулагч Альберто Галло хэт их өр байгаа бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны тооцооллын эрэлт хязгааргүй гэсэн таамаглал дээр зарцуулагдсан гэж хэлэв.
Небиусын 2034 онд, КорУивын 2033 онд хугацаа нь дуусах бондын үнэ түүхэн доод түвшинд хүрсэн байна. КорУив, Небиус, Эпплайд Дижитал, ТераВульф өнгөрсөн нэг жилийн турш улирал бүр алдагдалтай ажилласан бол Айрэн сүүлийн гурван улиралд ашиг олоогүй юм. КорУив, Небиус, Айрэн компаниудын хувьцаа зөвхөн энэ сард 30 гаруй хувиар унаж, тэдний уналтад бооцоо тавьсан хөрөнгө оруулагчид дор хаяж 6 тэрбум ам.долларын цаасан ашиг олжээ.



