Өмнөд Африкийн Дурбан хотод 50 орчим хүн гадаадын иргэнийг зодож хөнөөв
Цагдаа нар хэргийн сэдлийг тогтоогоогүй байгаа ч хүн амины хэрэг энэ онд Өмнөд Африкт өрнөж буй цагаачдын эсрэг жагсаал, хүчирхийллийн давалгааны үеэр гарчээ.

BBC-гийн мэдээлж буйгаар, Өмнөд Африкийн Дурбан хотод ойролцоогоор 50 хүнтэй бүлэг гадаадын иргэнийг зодож хөнөөжээ. Цагдаагийн мэдээлснээр, 30 гаруй насны сүүлч эсвэл 40 гаруй насны эхэн үед яваа гэх, хэн болох нь тогтоогдоогүй эрэгтэйд замын хажууд эхлээд хоёр эр ойртож, дараа нь олон хүн дайрчээ. Тэрбээр хэргийн газарт амь үрэгджээ.
Цагдаа хүн амины хэргээр мөрдөн шалгалт эхлүүлсэн боловч сэдэл тогтоогдоогүй байна. Мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Нетшиунда (Robert Netshiunda) сэдлийн талаар таамаглах боломжгүй, мэдээллийг баталгаажсаны дараа нийтэд хүргэнэ гэж BBC-д хэлэв. Эдийн засгийн хүндрэлтэй ч Өмнөд Африк ажил, аюулгүй байдал, илүү сайн боломж хайсан цагаачдын тивийн гол очих газруудын нэг хэвээр байна.
Энэ хэрэг энэ онд өрнөсөн цагаачдын эсрэг жагсаалын давалгааны дараа гарсан бөгөөд зарим жагсаал хүчирхийлэл болж хувирчээ. Энэ сарын эхээр Дурбан болон Йоханнесбургийн ойролцоох Соуэтод дэлгүүр, машинуудыг шатаажээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг March and March бүлэг бичиг баримтгүй бүх цагаачийг зургадугаар сарын 30 гэхэд Өмнөд Африкаас гарахыг шаардаж байсан бөгөөд уг хугацаанаас өмнө болсон жагсаалуудын үеэр Африкийн бусад орны иргэдэд халдсан тухай мэдээлэл гарч байв.
Үүний улмаас Зимбабве, Нигери, Гана зэрэг улс хүчирхийлэл даамжрахаас болгоомжилж, иргэдээ эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ. Нигери тэр сард хоёр иргэнийхээ үхэлд Өмнөд Африкийн эрх баригчдыг буруутгасан бол Гана Кейптаун хотод гадаадын иргэдийн эсрэг жагсаалын үеэр буудуулж амиа алдсан, гурван хүүхдийн эцэг Баширу Исак хэмээх иргэнийхээ үхлийг баталжээ. Энэ явдал дипломат маргаан үүсгэж, Өмнөд Африк хүчирхийллийн цар хүрээг хэтрүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Засгийн газар жагсагчдыг тайван байхыг уриалахын зэрэгцээ цагаачлалын шинэчлэл хэрэгтэйг хүлээн зөвшөөрч байна. Энэ оны эхээр хатуу арга хэмжээ авч эхэлснээс хойш олон арван мянган гадаадын иргэнийг албадан гаргах эсвэл эх оронд нь буцаасан гэж засгийн газар мэдэгджээ. March and March хөдөлгөөний удирдагчдын нэг Жасинта Нгобесе-Зума харийнхныг үзэн яддаг гэх буруутгалыг үгүйсгэж, “Бид эдгээр хүмүүстэй олон жил хамт амьдарч байгаад одоо хангалттай гэхэд биднийг харийнхныг үзэн ядагчид гэж нэрлэж байна” гэж BBC-гийн Focus on Africa нэвтрүүлэгт хэлжээ.
Өмнөд Африк бараг хорин жилийн турш гадаадын иргэдэд чиглэсэн халдлагатай тэмцсээр ирсэн бөгөөд 2008 онд өрнөсөн өргөн хүрээтэй халдлагын үеэр 60 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн дүрвэжээ. Сүүлийн үеийн үймээн өргөн тархсан ядуурал, гүн тэгш бус байдал, ажиллах хүчний гуравны нэг орчмыг хамарсан ажилгүйдлийн дунд өрнөж байна. Цагаачдыг ажлын байр булаадаг, гэмт хэрэгт нөлөөлдөг, төрийн үйлчилгээнд дарамт учруулдаг гэж буруутгах нь элбэг ч судлаачид ийм өргөн дүгнэлтийг нотлох баримт байхгүй гэж үздэг.



