Оросын Тольятти хотын үйлдвэрүүдэд нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, Украин нефть химийн үйлдвэрийг цохисон гэв
Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн 24 цагт 1,297 нисгэгчгүй онгоц устгасан гэж мэдэгдэв.

Оросын Тольятти хотод Бямба гарагт нисгэгчгүй онгоцоор үйлдсэн халдлагаар хэд хэдэн үйлдвэрийн байгууламж гэмтсэнийг орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн бол Украин тэнд томоохон нефть химийн үйлдвэрийг цохисон гэж мэдэгдсэнийг The Moscow Times мэдээлэв. Хотын дарга Илья Сухих урьдчилсан мэдээллээр хүний амь эрсдэж, шархадсан хүн байхгүй гэсэн ч аль байгууламжид цохилт өгснийг тодорхой хэлээгүй байна.
Украины Жанжин штаб Оросын синтетик резинийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох Тольяттикаучук нефть химийн үйлдвэрийг цохисон гэж мэдэгдэв. Мөн Киевийн хэлж буйгаар далавчит болон баллистик пуужингийн эд анги үйлдвэрлэдэг Орёл мужийн Протон электроникийн үйлдвэрт цохилт өгсөн гэжээ. Орёл мужийн захирагч Андрей Клычков Баасан гарагт Украины пуужингийн цохилтоор мужийн нэгэн иргэний байгууламжид гурван хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн.
Украины арми мөн Оросын өмнөд хэсгийн Ейск нисэх онгоцны буудалд нэгэн онгоцыг цохисон гэж мэдээлсэн бол орон нутгийн эрх баригчид тус бүсэд халдлага болсныг баталсан ч зөвхөн хоёр орон сууцны барилга бага зэрэг гэмтсэн гэжээ.
Оросын Батлан хамгаалах яам Бямба гарагт агаараас хамгаалах хүчин өнгөрсөн 24 цагийн дотор 1,297 нисгэгчгүй онгоц, Францад үйлдвэрлэсэн нэг SCALP далавчит пуужин, Украины дөрвөн Нептун пуужинг устгасан гэж мэдэгдэв.



