Райстад: Дэлхийн шингэрүүлсэн хийн импортлогчдын зардал энэ онд 39 тэрбум ам.доллараар өснө
Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас худалдан авах хэмжээ 60.7 сая тонноор буурсан ч импортлогчдын зарлага нэмэгдэж, Европ хамгийн их хохирох төлөвтэй байна.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, Райстад Энержи судалгааны компанийн тооцоолсноор Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн импортлогчид 2026 онд урт хугацааны гэрээ болон спот зах зээлээр шингэрүүлсэн байгалийн хий худалдан авахад дор хаяж 39 тэрбум ам.доллараар илүү зарцуулна. Үүний зэрэгцээ бодит худалдан авалтын хэмжээ 60.7 сая тонноор буурна.
Мөргөлдөөн эрчим хүчний дэлхийн урсгалыг тасалдуулж, улс орнуудыг нийлүүлэлтийн маршрутаа эргэн харж, дутагдсан хэмжээг нөхөхийн тулд спот зах зээлд илүү олон удаа хандахад хүргэжээ. Компанийн загвар Катар, Арабын Нэгдсэн Эмират Улсаас шингэрүүлсэн хийн нийлүүлэлт 3 дугаар сараас 2026 оны эцэс хүртэл тасарна гэсэн таамаглалд суурилжээ.
Энэ хувилбараар дэлхийн шингэрүүлсэн хийн худалдан авалтын нийт зардал энэ онд мөргөлдөөнөөс өмнөх таамаглал болох 217.8 тэрбум ам.доллараас дор хаяж 256.3 тэрбум ам.доллар болж өснө. Зардал хамгийн их өсөх бүс нь Европ бөгөөд эрэлт нь 24 сая тонноор буурсан ч шингэрүүлсэн хийн зардал нь дор хаяж 12 тэрбум ам.доллараар буюу 18 хувиар өсч, 79 тэрбум ам.долларт хүрнэ.
Зүүн Азийн орнууд илүү давуу байдалтай байна. Ойрх Дорнодоос гадуурх нийлүүлэгчидтэй байгуулсан илүү төрөлжсөн гэрээний багц, шингэрүүлсэн хийн харьцангуй бага эрэлт нь Катар, АНЭУ-ын нийлүүлэлт тасалдсаны нөлөөг тус бүс нутагт ихээхэн хэмжээгээр саармагжуулж байна. Райстад Энержигийн тайланд дурдсанаар, тэдний шингэрүүлсэн хийн импортын зардал мөргөлдөөнөөс өмнөх таамаглалаас 9.8 хувиар өсч, 104.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.



