Трампын засаг захиргаа Жеймс Комигийн охиныг хууль бусаар ажлаас халсан гэж шүүх шийдвэрлэв
Шүүгч Морин Комиг ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг олгохыг даалгасан бол Хууль зүйн яам шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэв.

Би-Би-Си-гийн мэдээлснээр, АНУ-ын холбооны шүүгч Хууль зүйн яам Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигийн охин Морин Комиг хууль бусаар ажлаас халсан гэж шийдвэрлэжээ. 2025 оны 7 дугаар сард Нью-Йорк дахь холбооны прокурорын ажлаасаа халагдсан Коми эцэг нь Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжлэгч байсан болон түүнд улс төрийн тодорхой үзэлтэй гэж үзсэний улмаас хууль бусаар халагдсан гэж засгийн газрыг шүүхэд өгсөн юм.
Шүүгч Жесси Фурман Даваа гарагт Трампын засаг захиргаа түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг олгох ёстой гэж шийдвэрлэв. Түүний дүгнэснээр, Комиг ажлаас халсан нь АНУ-ын Үндсэн хууль болон шударга хуулийн процессын эрхийг зөрчжээ. Ерөнхий прокурор холбооны прокурорыг ажлаас халж болох ч зөвхөн тодорхой журмаар, тодорхой шалтгаанаар хална гэж тэрбээр тэмдэглэв. Фурман 2025 оны 7 дугаар сараас Коми шинэ ажилд орсон 12 дугаар сар хүртэлх цалингийн зөрүүг олгохыг даалгажээ.
Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд зохих журмын дагуу давж заалдана гэж мэдэгдэв. Шүүхэд гаргасан баримт бичигт дурдсанаар, Комиг халах шийдвэрийг Ерөнхий прокурор асан Пэм Бонди гаргасан аж. Харин Комигийн өмгөөлөгчид “Энэхүү хүчин чармайлтаар олсон ялалт хатагтай Коми, бүх төрийн албан хаагч, хууль дээдлэхийн төлөө тэмцэж буй бүх хүнийх юм” гэж мэдэгдэв.
Фурман Коми албан тушаалдаа тус улсын хамгийн олны анхаарал татсан хэргүүдийг хариуцаж, удирдлага, хамт олноосоо байнга өндөр үнэлгээ авдаг байсныг онцолжээ. Тэрбээр нас барсан бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн, түүний хамсаатан Гислейн Максвелл, өнгөрсөн жил хуучин хоёр найз охинтойгоо холбоотой биеэ үнэлэлттэй холбоотой хэргээр ял авсан хип хоп продюсер Шон Комбс нарын хэргийг хариуцаж байжээ. Коми өмнө нь ажлаас халагдсаныхаа шалтгааныг зөвхөн Вашингтоноос ирсэн шийдвэр гэж л хэлсэн гэж ярьж байв.
Трампын засаг захиргаа Жеймс Комигийн эсрэг хоёр удаа хэрэг үүсгэсэн бөгөөд Конгресст худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг яллагч прокурорыг хууль бусаар томилсон гэх үндэслэлээр шүүгч хэрэгсэхгүй болгосон.
Энэ оны эхээр Хууль зүйн яам Комиг Ерөнхийлөгчийн амь насанд халдаж, бие махбодод нь гэмтэл учруулна гэж санаатайгаар заналхийлсэн хэргээр яллав. Хэрэг нь Комигийн 2025 онд Инстаграмд нийтэлсэн, далайн эрэг дээр хясаагаар 86 47 гэж бичсэн зурагтай холбоотой бөгөөд англи хэлний хар ярианд найян зургаа гэдэг нь салгах, зайлуулах гэсэн утгатай тул прокурорууд үүнийг Трампын эсрэг хүчирхийлэлд уриалсан гэж үзэж байна. Коми буруугаа үгүйсгэж байгаа юм.



