Украин Starlink, Starshield холболт дахин тогтворжсоныг мэдэгдэв
Долоо хоног гаруй үргэлжилсэн хязгаарлалтын дараа Украины арми SpaceX-ийн хиймэл дагуулын холбоогоо сэргээсэн ч үйлчилгээ бүрэн хэвийн болсон эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

France 24-ийн мэдээлснээр, Украины Батлан хамгаалахын сайд Бямба гарагт Starlink хиймэл дагуулын холбооны систем болон түүний цэргийн хувилбар Starshield-тэй холболт дахин “тогтвортой” болсныг мэдэгдэв. SpaceX компанийн бүтээсэн энэ сүлжээ Украины армийн үйл ажиллагаанд амин чухал бөгөөд сүүлийн үеийн тасалдал Вашингтонтой хурцадмал байдал үүсгээд байв.
Хязгаарлалт долоо хоног гаруй үргэлжилж, холболтыг удаашруулан цэргийн ажиллагааг тасалдуулж байсан юм. Евгений Хмара сэтгүүлчдэд ярихдаа, яамны хяналтын систем Starlink/Starshield-ийн хурд хэвийн түвшинд эргэн орж, 400-аас дээш хурд бүртгэгдэж байгааг хэлээд, холболт тогтвортой байна гэв.
Гэвч Украины арми эдгээр системийн ажиллах дээд хурдыг ил болгодоггүй бөгөөд яам үйлчилгээ бүрэн сэргэсэн эсэхийг тодруулаагүй. Яамны мэдэгдэлд өмнө нь үйлчилгээнд доголдол бүртгэгдэж байсан ч одоо хурдны үзүүлэлт хэвийн болсон гэжээ.
Украины албаны хүмүүсийн хэлснээр, 10 дугаар сарын 14-нд анх мэдээлэгдсэн хязгаарлалт Оросын довтолгооны дроныг сөнөөх Украины чадварыг сулруулж, фронтын шугамын холбоог тасалдуулжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр холболтын хурд ойролцоогоор 160 буюу түүнээс ч доош буурсан байна.
Starlink-тэй холбоотой асуудал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын дизель түлш худалдан авах хэлэлцээр зарлаж, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх шийдвэр гаргаад, Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардаж байх үед үүссэн юм.
SpaceX-ийн тэргүүн Илон Маск ч, АНУ-ын засгийн газар ч Украин дахь Starlink, Starshield-ийг хязгаарласан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хоёулаа ийм шийдвэрийг зөвхөн нөгөө тал нь гаргах боломжтой гэж олон нийтэд мэдэгдсэн. Рейтер агентлаг Starshield-ийг хязгаарлах тушаал Цагаан ордны дотроос гарсан гэж мэдээлсэн. Трамп Баасан гарагт Украинд Starlink-ийн холболтын асуудал үргэлжилбэл “үүнийг цэгцэлнэ” гэж мэдэгдэв.



