Европын батлан хамгаалахын тэргүүлэх таван гүрэн Оросыг хамгийн том аюул гэж зарлахаар бэлтгэж байна
Франц, Герман, Итали, Польш, Их Британийн сайд нар Парист уулзаж, Украиныг дэмжсээр байхаа амлах хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй.

Европын батлан хамгаалахад хамгийн их зардал гаргадаг таван улс Орос бол тивийн аюулгүй байдалд хамгийн хурц бөгөөд урт хугацааны аюул гэж анхааруулж, Украиныг тууштай дэмжихээ амлах гэж байгааг Bloomberg мэдээлснийг The National бичив. Франц, Герман, Итали, Польш, Их Британийн хамтарсан мэдэгдлийн төсөлд Оросын Украины эсрэг түрэмгий дайн, холбоотнуудын агаарын орон зайг зөрчих, хорлон сүйтгэх ажиллагаа, эрлийз халдлага нь тэдний эв нэгдлийг сулруулахгүй гэж дурджээ.
Мэдэгдэл Даваа гарагт Францын Батлан хамгаалахын сайд Катрин Вотрены Парист зохион байгуулах уулзалтын дараа гарах төлөвтэй бөгөөд найруулга нь нийтлэхээс өмнө өөрчлөгдөж болно. Сайд нар Ойрхи Дорнодын аюулгүй байдлын сорилтуудыг ч хэлэлцэх юм. Энэ үед Саудын Арабын Батлан хамгаалахын сайд ханхүү Халид бин Салман Мекка гэрээний орнуудын албан тушаалтнуудын хамт бүс нутгийн хямралыг дипломат замаар шийдвэрлэхээр Иран руу явж байна.
Европын сайд нарын мессеж нь Орос хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлага, галдан шатаалт, нисгэгчгүй онгоцны нэвтрэлт, чухал дэд бүтэц болон батлан хамгаалахын компаниудад заналхийлэх зэрэг эрлийз халдлагаа эрчимжүүлж байгаад өгсөн хариу юм. Европын албан тушаалтнууд үүнийг Москва НАТО-гийн хязгаарыг сорьж, Украинд үзүүлэх дэмжлэгийг тасалдуулах оролдлого гэж үзэж байна.
Төсөлд АНУ зайлшгүй шаардлагатай холбоотон хэвээр үлдэнэ гэж онцлохын зэрэгцээ Европ өөрийн аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой бөгөөд энэ нь НАТО доторх Европын холбоотнуудыг чадавхжуулахаас эхлэх ёстой гэжээ. ЕХ-ны зохицуулалт, санхүүгийн нөөц гишүүн орнуудын батлан хамгаалахын зорилтыг дэмжиж болох ч НАТО-гийн ажлыг давхардуулах бус бэхжүүлэх ёстой гэж төсөлд дурджээ.
Германы канцлер Фридрих Мерц 10-р сарын 19-нд Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа Европ аюулыг илүү нухацтай авч, хамгаалалтаа бэхжүүлж, АНУ-аас хамааралтай байдлаа бууруулах ёстой гэж хэлсэн юм. Энэ алхам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхийн хариуд Орост нэмэлт хориг арга хэмжээ авахгүй байхаар Владимир Путинтэй тохиролцсоны дараа АНУ, Украины хооронд хурцадмал байдал нэмэгдэж буй үед хийгдэж байна.



/file/attachments/2999/gettyimages-2286963418_351131.jpeg)