Оросын Гадаад хэргийн яам Японыг найрсаг бус бодлогоосоо татгалзахыг уриалав
Энэ уулзалт Япон Оросын эрчим хүчнээс хамаарах байдлаа бууруулах ч Сахалины төслүүдээс гарахгүй гэсэн тайлангаа гаргасан өдөр болжээ.

Хоёр орны хооронд бүрэн хэмжээний яриа хэлэлцээг сэргээхийн тулд Японы эрх баригчид Оросын эсрэг найрсаг бус бодлогоосоо татгалзах ёстойг Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгджээ. Тэрбээр мягмар гарагт Японоос Орост суугаа элчин сайд Акира Мутотой уулзахдаа ингэж хэлснийг Интерфакс агентлаг мэдээлэв.
Оросын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, уулзалтаар Орос, Японы харилцааны хоёр талын хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Яамны мэдэгдэлд Орос тал эдгээр асуудлаарх үнэлгээгээ илэрхийлж, бүрэн хэмжээний яриа хэлэлцээг сэргээхийн тулд Японы одоогийн эрх баригчид найрсаг бус бодлогоосоо татгалзах шаардлагатайг онцолсон гэжээ.
Мөн өдөр Японы Гадаад хэргийн яам нүүрс, газрын тос зэрэг Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хамаарах байдлаа аажмаар бууруулахаар засгийн газар төлөвлөж байгаа тухай тайлан гаргасан юм.
Тайланд дурдсанаар, Орос дахь Сахалин-1, Сахалин-2 газрын тос, байгалийн хийн ордын төслүүд дунд болон урт хугацаанд тогтвортой нийлүүлэлт хангах үүднээс Японы эрчим хүчний аюулгүй байдалд чухал тул засгийн газар эдгээр төсөл дэх ашиг сонирхлоо хадгална.


