Оросын түүхий эд, эрчим хүчний бус экспорт эхний найман сард 7.3 хувиар өсөв
Экспортын 80 гаруй хувь нь найрсаг орнуудад ногдож, Хятад, Беларусь, Энэтхэг, Египетэд нийлүүлэх бараа нэмэгджээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, 2026 оны 1-8 дугаар сард Оросын түүхий эд, эрчим хүчний бус экспорт өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 109.5 тэрбум ам.долларт хүрсний 80 тэрбум ам.доллар нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байжээ. Энэ тухай Аж үйлдвэр, худалдааны сайд Антон Алиханов Оросын инженер их хурлын нэгдсэн хуралдаан дээр мэдэгджээ.
Сайдын хэлснээр, Орос нэмүү өртөг өндөртэй технологийн бүтээгдэхүүнийг сурталчлахад анхаарч байгаа бөгөөд энэ экспортын томоохон хэсгийг машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эзэлдэг. Тухайлбал, ТМХ, Синара компаниуд бусад оронд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлдэг. Хориг арга хэмжээ байгаа ч гадаадын зах зээлд металл, ялангуяа өнгөт металлын эрэлт хэвээр байгаа бөгөөд Орос эрдэс бордооны гол нийлүүлэгчдийн нэг юм.
Алихановын хэлснээр, одоо экспортын 80 гаруй хувь нь найрсаг орнуудад ногдож, Хятад, Беларусь, Энэтхэг, Египетэд нийлүүлэх бараа нэмэгджээ. Яам гадаадад үйл ажиллагаа явуулдаг Озон, Вайлдберриз, Яндекс зэрэг цахим худалдааны платформуудыг экспортыг дэмжих дэд бүтэц гэж үзэж байна.
«Тэд зүгээр нэг цахим дэлгүүр биш, ложистик, агуулах, төлбөр, маркетинг, үйлчилгээг нэгтгэн, Оросын барааг саадгүй экспортлох боломж олгож байна» гэж сайд хэлжээ. Түүний хэлснээр, эдгээр платформ Евразийн эдийн засгийн холбоо, ТУХН-ийн орнуудаас гадна БНХАУ, Этиоп, Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк зэрэг 14 оронд ажиллаж байна.
Өмнө мэдээлснээр, Олон улсын хамтын ажиллагаа ба экспорт үндэсний төслийн хүрээнд 2026 онд түүхий эд, эрчим хүчний бус экспортыг 155.25 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ. Энэ нь 163.7 тэрбум ам.доллар байсан 2025 оныхоос 5 хувиар бага бөгөөд үүний 116.95 тэрбум ам.долларыг аж үйлдвэрийн салбарын бараа эзлэх ёстой.



