Дэлхий

Хартумын ойролцоох цахилгааны дэд станц дроны халдлагад өртөж, хотын ихэнх хэсэгт цахилгаан тасарчээ

Цэрэг Шуурхай дэмжлэгийн хүчнийг нийслэлээс шахан гаргасны дараа гурван сая орчим хүн буцаж ирсэн ч цахилгаан, усны хангамж найдваргүй хэвээр байна.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Суданы нийслэл Хартум хөрш Омдурман хотын цахилгааны дэд станц нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилтод өртсөний дараа цахилгаан тасалдалтай тулгарчээ. Энэ тухай Туркийн Анадолу агентлагаас уламжлан Интерфакс агентлаг мэдээлэв.

Агентлагийн эх сурвалжийн хэлснээр, халдлага өглөө эрт болж, Хартумын ихэнх хэсэгт гэрэл унтарсан байна. Сошиал сүлжээнд Омдурманы баруун хойд хэсэгт орших эрчим хүчний байгууламжаас утаа суунаглаж буй бичлэг тархжээ. Албаны хүмүүс хэн халдсан, ямар хэмжээний хохирол учирсныг одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.

Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, цэрэг 2025 онд Шуурхай дэмжлэгийн хүчнийг Хартумаас шахан гаргасны дараа гурван сая орчим хүн нийслэлд буцаж иржээ. Гэвч цахилгаан, усны хангамж найдваргүй, хүнсний нийлүүлэлт тогтворгүй хэвээр байгаа бөгөөд хотод тэсрээгүй сум бүрэн цэвэрлэгдээгүй байна.

Өмнөх өдөр нь Суданы төрийн эрчим хүчний компани Шуурхай дэмжлэгийн хүчнийг тус улсын зүүн өмнөд хэсэгт орших таван цахилгаан станц руу дроноор зохион байгуулалттай довтолсон гэж буруутгасан. Халдлагын улмаас Суданы Сеннар, Гедареф, Цагаан Нил, Эль-Гезира гэсэн дөрвөн мужид цахилгаан бүрэн тасарч, улсын эрчим хүчний системийн тогтвортой байдалд аюул учирчээ.

Суданы зэвсэгт хүчин, Шуурхай дэмжлэгийн хүчний хоорондын мөргөлдөөн 2023 оны 4 дүгээр сарын 15-наас хойш үргэлжилж байна. Тулалдааны улмаас дор хаяж 150 мянган хүн амь үрэгдэж, 14 сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн. Одоо цэрэг Хартум зэрэг Суданы хойд болон зүүн хэсгийг, Шуурхай дэмжлэгийн хүчин өмнөд хэсэг болон Дарфур бүс нутгийг хянаж байна.

Мөргөлдөөний талууд өмнө нь дроны хэрэглээгээ нэмэгдүүлсэн юм. Тухайлбал, Суданы зэвсэгт хүчин Шуурхай дэмжлэгийн хүчний өөрөө тунхагласан захиргаа байрладаг Өмнөд Дарфур мужийн Ньяла хотыг дроноор цохиж байгаа бол Шуурхай дэмжлэгийн хүчин 10 дугаар сард Хартумын нисэх онгоцны буудал руу дроны цохилт өгсөн байна.

Бусад мэдээ