Шувуу ажиглах нь тархийг хэрхэн өөрчилж, танин мэдэхүйн доройтлыг удаашруулдаг вэ
Шинэ судалгаагаар шувуу ажиглах нь спорт эсвэл хөгжмийн зэмсэг тоглох шиг тархины бүтцийг өөрчилж, хөгшрөлтийг удаашруулахад тусалж магадгүй.

Шувуу ажиглах нь тархины хөгшрөлтийг удаашруулахад тусалж, сүүлийн жилүүдэд оюуны хомсдолтой өвчтөнүүдийн эмчилгээний туслах үйл ажиллагаа болон улам их ашиглагдах болжээ гэж Би-Би-Сигийн хятад хэлний алба мэдээлэв. Их Британийн хөдөө нутагт долоо хоног бүр хэсэг ахмад настан модон байранд олон цаг сууж, дурангаар шувуу ажиглан, олж харснаа баяртайгаар хуваалцдаг. Тэдний ихэнх нь өдрийн эхэнд болсон зүйлийг санахад бэрхшээлтэй ч Баруун Мидлендсийн Форж Милл нуурын шувуудын талаар ярихдаа эрч хүчтэй болдог.
78 настай Харолд залуудаа гадаа байх дуртай байсан ч сүүлийн жилүүдэд оюуны хомсдолын улмаас дуугүй, түгшүүртэй болжээ. Эхэндээ тэрээр тайван бус байсан ч нэгэн хүн түүнд улаан хөхт шувуу зааж өгөхөд инээмсэглэж эхэлсэн байна. Шувуу ажиглах бүлгийг ажиллуулдаг Age UK буяны байгууллагын зөвлөх Женни Будингер “Тэр мөчид тэрээр жинхэнэ утгаараа одоо цагт амьдарч, санах ой, өөртөө итгэх итгэлээ алдах талаар санаа зовохоо больсон” гэв.
Канадын Торонто дахь Бэйкрестийн судалгаа, боловсролын академийн судалгааны төслийг удирддаг Эрик Винг шувуу ажиглах мэргэжилтнүүд болон эхлэгчдийн шувуу таних үеийн тархины соронзон резонансын (MRI) зургийг харьцуулж, мэргэжилтнүүдийн тархины анхаарал, харааны мэдрэхүй, харааны танилттай нягт холбоотой зарим хэсгийн холбоо өөр байгааг илрүүлжээ. Судалгааны үр дүн тархины бүтцийн ялгаа шувуу ажиглах ур чадварыг бий болгосон уу, эсвэл удаан хугацааны шувуу ажиглалт тархины бүтцийг өөрчилсөн үү гэдгийг нотлоогүй ч Винг үүний нэг тайлбар нь мэдрэлийн уян хатан чанар байж болно гэв.
Нас ахих тусам тархины зохион байгуулалт аажмаар буурдаг бөгөөд энэ нь танин мэдэхүйн доройтолтой холбоотой байдаг. Гэвч шувуу ажиглах мэргэжилтнүүдийн тархины зарим хэсгийн зохион байгуулалт, уялдаа холбоо ижил насны эхлэгчдийнхээс өндөр байжээ. Винг энэ ур чадварыг амьдралын эрт үед эзэмшвэл түүний ашиг тус өндөр нас хүртэл үргэлжилж магадгүй гэж үзэж байна. Польшид 388 шувуу ажиглагчийн дунд хийсэн судалгаагаар шувуу ажиглахыг амьдралынхаа чухал хэсэг гэж үздэг хүмүүс өндөр ур чадвартай ч сонирхол багатай хүмүүсээс илүүтэйгээр сэтгэл зүйн хувьд сэргэдэг болох нь тогтоогджээ.
Германы Айхштетт-Ингольштадтын Католик их сургуулийн профессор Элизабет Калсын баг 65 асрамжийн газрын гадна шувууны тэжээлийн цэг байрлуулж, оршин суугчдыг дотор тав тухтай сууж шувуу ажиглах боломжийг бүрдүүлжээ. Хэдхэн долоо хоногийн дараа сайжрал ажиглагдаж, нэг сарын дараа шувуу ажиглах нь оршин суугчдын бие, сэтгэлийн эрүүл мэндийг нас, асаргааны шаардлагын түвшингээс ч илүү тайлбарлах болсон байна. “Зарим оршин суугч хэдэн долоо хоног инээмсэглээгүй байсан бөгөөд шувуу ажиглаж эхэлсний дараа асрагчид тэдний нүүрэн дээр инээмсэглэлийг дахин харсан” гэж Калс хэлэв.
Багийн судалгааны үр дүн Германы хэд хэдэн эрүүл мэндийн даатгалын компанийг Бавари муж дахь 400 гаруй асрамжийн газарт шувууны тэжээлийн цэг, шувуу ажиглах талбай байрлуулахад хөрөнгө оруулахад хүргэжээ. АНУ-д ч 2013 онд Коннектикут мужийн дөрвөн асрамжийн нийгэмлэгт эхэлсэн Bird Tales хөтөлбөр Техас, Колорадо мужид өргөжиж, Монтанагийн их сургуулийн хөтөлбөр 2021 оноос хойш цус харвалтын дараах хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст шувуу ажиглуулах болжээ.
Их Британид оюуны хомсдолтой хүмүүс болон тэднийг асрагчдын дунд хийсэн судалгаагаар шувуу болон бусад зэрлэг амьтан ажиглах нь байгальд алхсаны дараа хоёр дахь хамгийн дуртай гадаа үйл ажиллагаа болжээ. Винг шувуу ажиглах нь сониуч зангаа судлах арга бөгөөд энэ сониуч зан өөрөө ашиг тустай байж болох шалтгаан гэж үздэг. Сониуч зан тархинд эерэг, үрэвслийн эсрэг нөлөөтэй норадреналин, допамин ялгаруулдаг тул өндөр насанд танин мэдэхүйн үйл ажиллагааг хадгалахад чухал үүрэгтэй байж болох юм.



