Зеленский Пэтриот пуужинг Хегсет бараг сар батлахгүй байгааг шүүмжлэв
Орос долоо хоногт олон арван пуужин, мянга мянган нисгэгчгүй онгоц харвасаар байхад Киев агаарын довтолгооноос хамгаалах пуужингаа хүлээсээр байна.

Евроньюсийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Пэтриот саатуулах пуужинг батлахыг Киев бараг сар хүлээж байна гэж мэдэгдэв. Зэвсгийн нийлүүлэлтийн талаар олон нийтийн сүлжээнд бичихдээ Зеленский Украин Пэтриот болон НАСАМС системийн пуужин авах зөвшөөрөл хүлээж байгааг дурдав. Тэрбээр ПАК-2, ПАК-3 пуужингийн нөөцтэй АНУ, Европ болон бусад түнштэй хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаагаа хэлжээ.
“Ялангуяа Хегсет ноён Пэтриот, НАСАМС-ын пуужинг батлахыг бид бараг сар хүлээж байна” гэж Зеленский бичээд, асуудлыг Вашингтонд дахин тавихыг багтаа үүрэг болгосноо нэмж хэлэв. Бусад оронтой ч яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж. Киев Оросын үхлийн аюултай пуужин, тийрэлтэт нисгэгчгүй онгоцны цохилтоос хамгаалахын тулд илүү олон саатуулах пуужин нийлүүлэхийг удаа дараа шаардсаар иржээ.
Зеленский Ням гарагт Оросын хүчин өнгөрсөн долоо хоногт Украин руу баллистик пуужин зэрэг 48 пуужин, 1600 орчим удирдлагатай агаарын бөмбөг, 2300 шахам довтолгооны нисгэгчгүй онгоц харвасан гэж мэдэгдсэн. Тэрбээр Европын орнуудын аль хэдийн баталсан Пэтриот саатуулах пуужингийн нийлүүлэлтийг гацаанаас гаргах хэрэгтэй гэжээ.
Украин Пэтриот пуужингийнхаа дийлэнхийг холбоотнууд, түншүүд АНУ-аас цэргийн техник, зэвсэг худалдан авахыг хөнгөвчилдөг НАТО-гийн Украины тэргүүлэх хэрэгцээний жагсаалтын санаачилгаар авдаг. НАТО-гийн мэдээлснээр, 2026 оны 6 дугаар сарын байдлаар холбоотнууд энэ хөтөлбөрөөр Украинд 6 тэрбум гаруй ам.долларын батлан хамгаалах техник санхүүжүүлэхээр амласан байна.
Сүүлийн саруудад АНУ-ын Иран дахь дайны улмаас дэлхийн зэвсэг, сумны нөөц ихээхэн дарамтад орсон. АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий байцаагчийн 9 дүгээр сард нийтэлсэн тайланд дурдсанаар, Америкийн хүчин 2 дугаар сарын сүүлээр эхэлсэн Эпик Фьюри ажиллагаанаас 6 дугаар сарын эцэс хүртэл 22.3 тэрбум ам.долларын зэвсэг, сум зарцуулжээ.
Украины армийн хурандаа Юрий Игнат Ойрх Дорнодод хэрэглэсэн Пэтриот пуужингийн тоо Украинд хэдэн жилийн байлдааны ажиллагааг хангах хэмжээнд хүрч болох байсан гэж Даваа гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа хэлжээ. Украин хэдэн пуужин хүлээж байгаа нь тодорхойгүй ч Украины хэвлэлүүд нэлээд их тоо гэж мэдээлж байна.



